Мөнхийн Үсэг Группын бөх Улсын харцага Н.Золбоо цолны хишиг болгон 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ

2018/07/26

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, "Мөнхийн Үсэг Групп"  “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгууллаа.

Тэрээр Баянхонгор сумын 9 багийн 90 хүүхдэд цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас гээд хичээлийн иж бүрэн хэрэгсэл олголоо.

Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг судалж, тэднээс нэн шаардлагатайд нь Н.Золбоо бэлгээ гардуулжээ.

Тэрээр бөхчүүд дандаа хүмүүсээс бэлэг авч байдаг. Бай шагнал, урамшуулал, тусламж дэмжлэг байнга авч байдаг учир хүүхдүүддээ цолныхоо хишгийг тарааж байгаа юм. Мөн  тус үйл ажиллагааг Баянхонгор аймгийн “Баянхонгор хөгжил” сантай хамтран зохион байгуулсан бөгөөд амжилт гаргах бүх нөхцөл боломжоор хангадаг “Баянхонгор хөгжил” сан, “Хүч” спорт хороо "Мөнхийн Үсэг Групп"-ийн хамт олондоо талархаж буйгаа илэрхийлжээ.

Хүүхдүүдийг статистик бүхий цаас харж байгаад сонгоогүй бөгөөд  Баянхонгор сумын 9 багийн айл бүрээр орж, судалгааг хийн бодит хэрэгцээ бүхий хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг гардуулсан юм.