“Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан: Аймгийн цолтой дөрвөн бөх их шөвөгт үлдсэн анхны барилдаан боллоо

Монгол улсын хэвлэлийн салбарын тэргүүлэх байгууллага “Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн түүхийг нэгэн шинэ хуудсаар зузаатгасан явдал боллоо. 2011 оны 06-р сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд болсон “Мөнхийн Үсэг Групп”-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Д.Рагчаа тэргүүтэй 128 бөх зодоглосноос гадна олимпийн аварга Н.Түвшинбаяр зодоглож 4 давж 2008 оноос хойш Монгол бөхийн өргөөнд анх удаагаа зодоглосон нь бөхөд хайртай монгол түмний мэлмий баясгасан явдал болов.   
Барилдаанд Увс аймгийн Тэс сумын уугуул Алдартан дэвжээний бөх аймгийн заан  Т.Баасанхүү, улсын начин Э.Энхбат, Н.Батзаяа, улсын арслан Х.Мөнхбаатар, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарыг дараалан өвдөг шороодуулж шөвгийн 4-т шалгаран үлдсэн юм. Түүнчлэн улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа шөвгийн 4-т аймгийн цолтой 4 бөх үлдсэн нь Дундговь аймгийн арслан А.Алтанхуяг, Өвөрхангай аймгийн арслан Б.Сангисүрэн, аймгийн арслан Ц.Одбаяр, аймгийн заан Т.Баасанхүү нар байв.
Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Д.Рагчаа тэргүүтэй 128 бөх зодоглосон “Мөнхийн Үсэг” группын 20 жилийн ойн энэ барилдаанд  Ардын Хувьсгалын 90 жилийн ойн цолны тааварт орсон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан А.Алтанхуяг түрүүлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат “Макс” группын бөх аймгийн арслан Б.Сангисүрэн үзүүрлэсэн юм. Харин уран барилдааны тусгай шагналыг  аймгийн заан  Т.Баасанхүү хүртлээ.

  

Захиалга хүлээн авах   [976 - 11 - 319658,    976 - 70140459 ]
Copyright© 2011 Мөнхийн үсэг ХХК, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлсэн SuperGraviton LLC